Польш улсын Варшав хотод эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХIХ дахь уламжлалт олон улсын тэмцээн үргэлжилж байна.
Эхний өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 4 эмэгтэй бөх барилдсанаас 69 кг-ын жинд О.Насанбурмаа бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж алтан медаль хүртлээ.
Энэ жинд 18 барилдсанаас манай бөх О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт литовын бөх Дануте Домикатетэг 10:0, гуравдугаар тойрогт францийн бөх Кунтиа Весканыг 2:0, 4:2 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд канадын бөх Дорити Элзебат Йетсийг 4:7, 4:1, дараа нь польшийн бөх Агнеска Мерзчук Кордусыг 4:0, 2:6 онооны харьцаагаар өвдөг шороодуулж түрүүлжээ.
Харин өнгөрсөн жилийн аварга С.Бямбацэрэн, С.Цэрэнчимэд нар медальгүй хоцорчээ. С.Нарангэрэл угсраа мэхээ гүйцээн хийж чадсан бол ялалт ойрхон байлаа.
Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж тэмцээн өндөрлөнө. Манай 4 эмэгтэй бөх дэвжээнд гарч барилдана.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)