Ихэнх нутгаар хүйтний эрч чангарсан тул иргэд гэртээ их хэмжээгээр гал өрддөг. Гэтэл үүнээс улбаалан гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс урмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт болон иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн объектын гал түймэр гарах болов. Өнгөрсөн хоногт гал түймрийн долоон дуудлага бүртгэгдсэн байна. Жишээ нь, баянзүрх дүүргийн Х хороонд гурван айлын гэр шатаж байсныг унтраажээ. Галд 3-32 насны гурван хүн өртөж түлэгдсэн байна. Дашрамд дуулгахад, он гарсаар улсын хэмжээнд 4134 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж түймрээс 423 иргэнийг аварч, 35 иргэн түлэгдэж гэмтэн, 51 хүн өртөж нас баржээ.