
Ардчилсан намын Нийслэлийн намын хорооны хурал өнөөдөр болж байна. Хурлаар нийслэлийн намын хорооны гишүүд батламжлагдаж, намын дарга, дэд дарга болон тэргүүлэгчдийг сонголоо. Нийслэлийн намын хорооны даргад Б.Ган-Очир өрсөлдөгчгүй дэвшиж нийт гишүүдийн 91.7 хувиар нийслэлийн намын дарга боллоо.
Тэрээр: “Ардчиллыг дэмждэг, ардчиллаар амьсгалдаг бүх монголчууддаа, дэлхий даяар тархан суугаа элэг нэгтнүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд нийслэлийн АН-ын даргад “Миний хот – Дэлхийн хот” уриатайгаар нэр дэвшиж байна.
Дэлхий даяар 200 гаруй улс тусгаар тогтнолоо зарлаж, бүрэн эрхт байдлаа тунхагласан. Монгол Улс ч мөн адил тэдгээрийн нэг. Гэвч өнөөдөр дэлхийн улс орнууд ямар байна, Монгол Улс ямар байна вэ гэдгийг бид бодох ёстой.
Дэлхийн олон нийслэл авлигагүй байхад манай нийслэлд авлига байсаар байна. Дэлхийн хотууд түгжрэлгүй байхад манай хот түгжрэлтэй хэвээр. Жуулчид ирэхэд аяллын маршрут, хаяг байршил нь ойлгомжтой байдаг бол манайд энэ бүхэн тодорхой бус байна.
Дэлхийн нийслэлүүд орчин үеийн нийтийн бие засах байгууламжтай байхад манайх одоо хүртэл модон жорлонгоосоо салаагүй. Түүнчлэн дэлхийн хотууд цэвэр агаар, ногоон байгууламжаараа онцлог байхад манай улс утааны асуудлаараа нэрлэгдэж байна.
Иймээс бидний үүдэн хойморь болсон Улаанбаатар хотыг дэлхийн стандартад нийцсэн, нээлттэй, цэгцтэй, жишиг хот болгох зорилгоор нэр дэвшиж байна.
Өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдаагүй гэж миний бодол. Манай нам Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн ч асуудал үүсч, улмаар өлсгөлөн зарлах хүртэл нөхцөл байдал хүрсэн. Харин нөгөө талд их хурал хуралдуулж, С.Эрдэнэ нэр дэвшсэн.
Иймд дараагийн удаа нийслэлийн нам ганцхан зүйлийг шаардана. Бид шударга сонгуулиар ялмаар байна. Хэрэв ялагдвал шударгаар өрсөлдөөд ялагдмаар байна. Тоглоомын дүрмээ тодорхой болгож, ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулан, ялалт ялагдлаа шийдье” хэмээв.




















































