
Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Х.Баттулгаас уучлал гуйхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандсан. Харин өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн шүүх Ц.Нямдоржийн гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна.
Одоо Ц.Нямдоржийн хувьд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандах боломжтой юм. Хэрвээ гурван шатны шүүхийн шийдвэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын талд гарвал, Ц.Нямдорж сайд түүнээс уучлал гуйхаас өөр аргагүйд хүрэх бололтой.
Хэргийг сануулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайд АН хамтарсан Засгийн газраас гараад удаагүй байхад УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхдаа солонгос, хятадуудтай төмөр зам барих тухай нууц гэрээ хийсэн хэмээн мэдэгдэж байсан. Энэ гэрээг Засгийн газар, харьяа яам нь ч мэдэхгүй байсан тухай сүр дуулиантайгаар олон нийтэд мэдээлж байв. Түүгээр ч барахгүй яамны удирдах ажилтнуудыг хүртэл Төрийн ордонд цуглуулж, Х.Баттулга гишүүн нууц, хууль бус гэрээ хийсэн гэдгийг нотлуулахаар зүтгэж байсан юм.
Тэрээр “2011 оны гуравдугаар сарын 19-нд Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй байгуулсан “Төмөр зам барих нууц гэрээ”-г мэддэг хүн Монголд бараг байхгүй. Ямар учиртай юм бэ гээд хууль зүйн талаас нь шалгах гэхээр ийм гэрээ байгуулаагүй гэж худлаа хэлээд материалыг нь өгөхгүй байна. Энэ улсуудтай уул уурхайн лицензийг барьцаалж гэрээ хийж байх үед Хятад улсын холбогдох яамны хүмүүс ирж санамж бичигт гарын үсэг зурсан. Хятадын салбарын дэд сайд нь Бээжингийн онгоцны буудал дээр буухад өчигдөр зурсан санамж бичиг чинь хүчингүй шүү гэж Монголын талаас мэдэгдсэн. Энэ мэт хууль бус ажлаас нь болж Таван толгой гацчихаад байна. Гэтэл сүүлд нь төмөр замын ажил Ц.Нямдоржоос болж гацаж байна гэж мэдэгдэж байгаа нь буруу” хэмээн мэдээлж байсан билээ.
Б.Чимэг