24tsag.mn сайтын зүгээс уншигч та бүхэнд Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан "Наадам айсуй" цуврал нийтлэлийг хүргэж байна. Энэ цувралаар Үндэсний сурын харваачдын гайхам амжилтуудаас хуваалцаж байгаа юм.
Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Дархан мэргэн Холхорын Оюунчимэг 2011-2014 онд улсын их баяр наадамд завсаргүй дөрөв түрүүлж, Монгол Улсын Дархан мэргэн цол хүртсэн нэгэн.
Тэрбээр Беларусийн Минск хотод Мод боловсруулах үйлдвэрийн технологич инженер мэргэжлээр сурч төгссөн.
2003 онд түүний хань Төв аймагт зохион байгуулагдсан төвийн бүсийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааны үеэр мэргэн харваач Ж.Сүхбаатараас нум сум худалдаж авснаар харваж эхэлсэн байна. Түүний сурын багш нь Монгол Улсын мэргэн Д.Өлзийбат, Монгол Улсын мэргэн Б.Батжаргал юм.
Дархан мэргэн Х.Оюунчимэг 2006 онд спортын мастерын болзол хангаж, улмаар шавь бэлтгэж эхэлжээ. Мөн 2014 онд болсон Төвийн бүсийн чуулга харваанд оролцож, 40 сумнаас 40 онож гоц амжилт үзүүлсэн байдаг.