Лондонгийн олимпийг зорих тамирчид тодорлоо

FILA-гийн дүрэмд олимпод оролцох улс орнууд багийн мэдүүлгээ өнөөдөр буюу долдугаар сарын 9-ны дотор ирүүлэх ёстой гэсний дагуу МЧБХ-ы удирдлага хуралдсан байна. Тэд пүрэв гаригийн орой хуралдаж, олимпийн багаа баталжээ. Чөлөөтийнхөн “Лондон-2012” наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд тамирчдаа сойх эрх авсан аж. Үүнд, эмэгтэйчүүдээс Д.Отгонцэцэг /48 кг/, С.Бямбацэрэн /55 кг/, О.Насанбурмаа /63 кг/, О.Бурмаа /72 кг/ нар, харин эрэгтэйчүүдээс Б.Наранбаатар /55 кг/, П.Өнөрбат /74 кг/, О.Үйтүмэн /84 кг/, Ж.Чулуунбат /120 кг/ нарын тамирчид олимпийн эрх олгох тэмцээнд амжилттай зодоглосноор Лондонг зорих эрхээ авсан билээ. Ингэхдээ ерөнхийд нь 2011 оны ДАШТ болон бусад эрх олгох тэмцээнээс олимпийн эрхээ өвөртөлсөн тамирчдыг тухайн жинд нь илгээхээр сонгосон байна. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн оронд Гавьяат тамирчин С.Батцэцэгийг олимпод явуулахаар болжээ. Монголын чөлөөтийн түүхэнд дэлхийн аварга анхны эмэгтэй болсон тэрбээр 2010 оны ДАШТ-д 59 кг-ын жинд барилдаж, дэлхийн аварга цол хүртэж байсан юм. Гэхдээ олимпийн наадмын хөтөлбөрт эмэгтэйчүүдийн 59 кг-ын жин багтдаггүй тул С.Батцэцэг жин өгсч, 63 кг-ын жинд зодоглох болж байгаа юм. Лондонгийн олимпийг зорих чөлөөт бөхийн багт дээрх тамирчдаас гадна албаны хүмүүс, багийн эмч, олимпийн наадмын тэмцээнийг дэнслэх шүүгч болоод дасгалжуулагчид багтсан байгаа. “Лондон-2012” олимпийн наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн багийн даргаар МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат явах бол холбооны генсек Г.Бат-Эрдэнэ багаа ахлах гэнэ. Түүнчлэн МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж, Х.Бат-Эрдэнэ нар олимпийн багт багтжээ. Харин дасгалжуулагчдын хувьд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Баярсайхан, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар олимпийн дэвжээнд тамирчдаа бэлтгэх юм. Түүнчлэн Олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр шүүгчээр ажиллах бол багийн эмчээр БТСГ-ын Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат, илээч М.Саранцацрал нар Лондонг зорихоор болсон байна.
Д.Ундрах 24tsag.mn