
Анхны парламентын сонгуулиар иймэрхүү дүн гарсан бол яая гэхэв. Гэвч парламент тогтоцлоо төлөвшөөд хорь гаруй жил болсон, сонгож, сонгогдож сурсан хүмүүс цөөнгүй боловсрол мэдлэг муутай, хэн ч танихгүй хүмүүсийг сонгоцгоов. Монголын парламентын түүхэнд ганцхан хончинг завханчууд сонгож байсан. Тэр нь МУ-ын хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу. Түүнийг завханчууд төдийгүй Монгол даяараа хүндэтгэдэг байлаа. Тийм учраас л сонгогдсон хэрэг.
Гэтэл ардчилал хөгжсөн, мэдээллийн нээлттэй ертөнцөд манайхан хорооны дарга байсан хүнийг УИХ-ын гишүүнээр сонгож орхив. УИХ-ын гишүүнээр Чингэлтэй дүүргийн мянгатын дарга З.Баянсэлэнгэ сонгогдоод баяртай явна. Мэдээж хувь хүнийхээ хувьд баяртай байлгүй яахав. Гэхдээ л мянгатын дарга гэж хаа байсан эзэнт гүрний үеийн албан тушаалыг Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр сэргээж гаргаж ирсэн юм. Орчин үед мянгатын дарга гэж юу хийдэг, ямар албан тушаал вэ гэдгийг ойлгох хүн маш цөөхөн. Бараг тэдний намынхан л ойлгодог байх. З.Баянсэлэнгийг сонгогдсоныг буруушааж байгаа юм биш. Гэхдээ л түүнийг сонгосноор ард түмний дунд УИХ-ын гишүүний нэр хүнд, үнэлэмжийг үгүй хийж байна. Уг нь УИХ-ын гишүүнээр энэ улсын хамгийн шилдэгүүдийг л сонгож байх ёстой. Гэтэл тохиолдолын хүмүүс орж ирж төрийн үнэлэмжийг бага багаар бууруулсан үйдлийг нэмэгдүүлж эхэллээ.
Ер нь энэ удаагийн сонгуульд Н.Энхбаярыг хорьж, шалгасан давалгааны үр дүнд маш олон сонирхолтой, хэзээ ч улс төрд амжилт олохооргүй хүмүүс гишүүн болоод ороод ирсэн нь анхаарал татна. ХЗДХ-ийн сайд асан Л.Цог гэж эрхэм гишүүн болоотхов. Түүнийг гишүүн болсонд өрсөлдөгч нар нь үнэхээр их гайхаж байна. Учир нь тэрээр бараг гурван ухуулагчтай, сурталчилгааны нэг ч самбар өлгөөгүй, ямар ч уулзалт хийгээгүй байж байгаад гишүүн болчихсон гэнэ. Н.Энхбаярыг Эрдэнэтэд очиход л ганцхан уулзалт хийсэн, сонин юм аа гэж МАН, АН-аас нэр дэвшигчид шогширч явна. МАН, АН-ынханы энэ яриа арай л дэгс байх. Гэхдээ л үнэний ортой байж мэднэ. Үүнтэй адилхан бараг юу ч хийгээгүй шахуу байж сонгогдсон хүн нь Г.Уянга. Тэрбээр 3-4 сурталчилгааны самбар өлгөөд, ганц ном тараагаад, хэдэн уулзалт хийгээд л гишүүн боллоо. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин ард түмэнд МАН, АН-ын бүх амлалтыг өгүүлсэн, нийт хичнээн ч тэрбум төгрөгийг ард түмэн та нартаа тэмцэж байж өгүүлсэн, одоо Г.Уянгадаа ганцхан санал өгчих гэсэн сурталыг сайн явуулсан. Магадгүй ард түмэн түүнд ганцхан л удаа санал өгсөн нь энэ удаагийнх байж мэднэ.
Ховд аймаг МАХН-МҮАН-ын шударга ёс эвслээс нэр дэвшсэн Д.Батцогт гэгч Г.Уянгатай яг адилхан сурталчилгааг хийсэн гэж өрсөлдөгч нар нь ярьж байна. Ард түмэнд хүмүүсийн амласан юмыг авч өгдөг гэж Г.Уянга, Батцогт хоёр их сурталчилсан. Үнэндээ авч өгсөн юм болов уу? эсвэл намууд амласан юмаа биелүүлсэн юм болов уу? гэдэг их өөр асуудал л даа. Ер нь ийм сурталчилгаа хийж ялалт байгуулсан Г.Уянга, Батцогт хоёр тийм л их хүний амласан юмыг өгүүлж чаддаг юм бол УИХ-ын гишүүнээр биш банкны өр барагдуулагчийн ажил хийвэл таарна гэх яриа ч гараад амжив. Удахгүй 2012 оны сонгуулиар ард түмэн тэднийг юу хийхийг нь зааж өгч, байранд нь буцааж тавих байлгүй дээ гэж ярих хүмүүс олон байна.
МАХН-МҮАН болоод Н.Энхбаяр, М.Энхсайхан гэсэн брэнд нэрийн дор Н.Батцэрэг, М.Сономпил гээд хэзээ ч УИХ-ын гишүүн болохоосоо өнгөрсөн гэж байсан хүмүүс парламентад ороод ирлээ. Тэднийг азтай гэхээс өөр юу ч гэхэв дээ. Мөн МАХН-МҮАН-ын нэрээр эдийн засагч Н.Дашзэвэг, Орифлэймийн Г.Оюунгэрэл хоёр бараг л гишүүн болох дөхсөн гээд боддоо. Орифлэймийн Г.Оюунгэрэл гишүүн болоод ороод ирсэн бол олон хүний ухаан алдана даа. Манай ард түмэн иймэрхүү л сонголтыг хийж байна.
Зөвхөн МАХН-МҮАН-ынханыг хэлэлтгүй МАН, АН-аас нэр дэвшсэн хүмүүсээс гайхал төрүүлсэн хүмүүс ч бас байна. Иргэний хөдөлгөөний тэмцэгч Ж.Батзандан гишүүн болоотхов. Уг нь тэр гишүүн болоод орж ирэх биш долоон сарын нэгний хэрэг, төрийн эрхийг хууль бусаар авах гэж санаархсан гэх мэт асуудлаар шалгагдаж байх ёстой хүн л дээ. Тэгтэл одоо гишүүн. Юу ч гэмээр юм бэ дээ.
Алдар “Мон-Уран”-ы гэх Б.Наранхүү бас гишүүн болов. Эсгий хийх газар нохой хүүхдийн хэрэггүй гэдэг шиг түүний хувьд парламент илүү баймаар юм. Гэвч тэгсэнгүй. "УИХ-ын гишүүний дархан хамгаалалт түүнд хэрэгтэй болоод" гэж мэдэмхийрэх хүмүүс ч байна.
Архангайгаас Г.Болорыг сонгогдсонд олон хүн гайхаж байна. Олигтойхон ярьж чадахгүй, дэд сайд хийгээд Б.Хурцын асуудлаар баахан шоудахаас өөр юм хийгээгүй түүнийг гишүүн болсонд эргэлзсэн хүмүүсийн жагсаал одоо ч Архангайд тасраагүй байна. Баянхонгор аймгаас Г.Занданшатарыг ялаад Д.Ганбат гэгч сонгогдов. Уг нь түүний дэргэд Г.Занданшатар хамаагүй илүү баймаар юм. Гэвч Баянхонгорчууд тэгж бодсонгүй.
АН-ын листээр өмнө өчнөөн олон удаа нэр дэвшээд өвдөг шороодсон хүмүүс сонгогдлоо. Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж парламентад олон удаа тоосоо өргөсөн дөө. Тэр урам зоригийг нь бодоод дээгүүр эрэмбэлэсэн чинь гараад ирэв. Бас сонгууль болгоноор л АН-ыг өмөөрч маргаан хийдэг хатагтай гишүүн болов. Сонгогчдын боловсрол төвийн Р.Бурмаа гэх энэ хатагтайн олон жил ардчилсан намыг өмөөрч, сонгууль будлиантай боллоо гэдэг мэдэгдэлийг хийж ард түмэнд танигдсан. Гэтэл ард түмэн нэр дэвшихээр нь сонгодоггүй. Харин энэ удаа намын листээр гавъяагаа үнэлүүлээд гарцаагүй гишүүн боллоо.
МАН-аас Н.Номтойбаяр гэдэг залуу Дорнодоос сонгогдов. Их ч юм дуулгасан залуу. Их ч юм дуулгана даа гэж намыхан нь магтаад ч байгаа юм шиг, хийгээд ч байгаа юм шиг зүйлийг ярьж байна лээ. Харж л байхаас.
ИЗНН-ын нэрээр С.Дэмбэрэл сонгогдов. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл амидаатай болов. Түүнийг парламентад суухад гайхах хүн цөөхөн. Гэвч нэр дэвшсэн бол бараг л гарч чадахгүй. МАН, АН-д орсон бол дээгүүр эрэмбэлэх нь байтугай нэр дэвшүүлэхгүй. Гэвч тэр намаа зөв сонгоод гишүүн болоотхов. Өөрөөр хэлбэл өөртөө таарсан маш зөв нүүдлийг хийлээ гэсэн үг.
Ийнхүү энэ парламентад их юм дуулгах шинэ гишүүд олноор орж ирэв. Тэдний нэрсийг хараад хүмүүс бид чинь ямар хүмүүсийг гишүүн болгочихов доо гэж сонгосон хойноо уулга алдах юм. Сонгохоосоо өмнө ингэж бодож болоогүй л юм байхдаа.
Уг нь Монголын нэрийг гадаадад гаргаж чадах ард түмнийхээ итгэлийг даасан ноён нуруутай олон хүмүүс сонгогдож чадсангүй. Тэднийг хэвлэлийнхэн парламентад байх ёстой хүмүүс гэж нэрлэж байна лээ. Тэдний жагсаалтад ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, МАХН-ын нарийн бичгийн дарга Н.Удвал, БОАЖ-ийн сайд Л.Гансүх жигдэрч жагссан эрхэмүүд багтаж байна. Тэдний оронд бид хэнийг сонгочихов доо гэж эргэлзэх хүмүүс олон байна. Ингэж эргэлзэх хүмүүсийн тоо ирэх дөрвөн жилд улам л олон болох байх даа.
Д.Сарнай