Яруу найргийн “Алтан гөрөөс” наадам болно

Эх дэлхий, байгалиа хайрлан хамгаалах зорилгын дор олон улсын яруу найрагчид нэгдэж “Алтан гөрөөс ” наадам зохион байгуулахаар болсон байна. Ирэх есдүгээр сарын 8-аас 17-ны хооронд Заан-Тэрэлжид чуулах энэхүү наадамд оролцох олон улсын яруу найрагчид Дорноговь аймгийн Хамрын хийд, Эргэлийн зоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар аялах юм байна. Мөн “Алтан гөрөөс” уншлагыг Монголын зохиолчдын эвлэл, Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Бельгийн вант Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Паул Ван Воувэ болон утга зохиолын "Хөх Мэдрэхүй" бүлгэм зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулах аж. Энэхүү уншлагад оролцогсодын тоо хязгаартай бөгөөд гадаад орнуудаас 15, Монголын талаас 10, нийт 25 яруу найрагчыг оролцуулахаар төлөвлөжээ. Энэхүү олон улсын яруу найрагчдын уншлагын наадамд оролцогчдыг ирэх наймдугаар сарын 15 хүртэл altanguruus.blogspot.com, bayasgalanb.blogspot.com , tarmag32.delhii.net цахим хуудсаар бүртгэнэ. Гадаад, дотоодоос оролцох яруу найрагчид өөрийн улсдаа тодорхой хэмжээнд танигдсан байх шаардлагатай ба англи хэл эзэмшсэн байх учиртай юм байна.
Д.Ундрах 24tsag.mn