Аймгуудын дунд гарамгай дуучин шалгаруулна

Хэнтий аймгийн Дадал сумын ирэх наймдугаар сарын 4-5-нд зүүн бүсийн аймгуудын иргэдийн дунд шилдэг дуучин шалгаруулах уралдаан болно. Шилдэгээр шалгарсан дуучнаа нэг сая төгрөгөөр шагнах аж. Уралдааныг “Чингисийн гурван нуур” ХХК санаачилж, МУСГЗ, найруулагч Д.Ухнаа зохион байгуулж байгаа аж. Энэхүү тэмцээний шагналын сан бага биш гэдгийг тэмцээний ерөнхий шүүгч онцлоод, зүүн бүсийн ардын авьяастнуудыг идэвхтэй оролцохыг уриалсан юм. Оролцогчдын хувьд мэргэжил, нас харгалзахгүй, хамгийн гол нь зүүн бүсийн нутгийн иргэн байх ёстой гэсэн шалгуур тавьж байгаа аж. Хоёр өдөр явагдах тэмцээнд эхлээд өөрийн сонгосон зохиолын дууг фонаграммтай дуулах бол хоёрдугаар шатанд шалгарсан 20 дуучин үндэсний цөөхүүл хөгжимчидтэй шүүх бүрэлдэхүүнээс нэр товлосон 238 ардын дуунаас сонголт хийж, ердөө ганцхан өдрийн бэлтгэл хийн оролцох гэнэ. Зүүн бүсийн гарамгай дуучныг шалгаруулсны дараа ирэх онд баруун, 2014 онд төвийн бүсийн аймгийн гарамгай дуучныг шалгаруулж, Улаанбаатар хотод гала төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)