
ДОХ-ын эсрэг дэлхийн чуулганд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Майкрософт корпораци болон Гэйтсийн санг үүсгэн байгуулагч Билл Гэйтс, дуучин Элтон Жон нар өөрсдийн дуу хоолойгоо хүргэсэн юм. Чуулганы үеэр АНУ ядуу буурай орнуудад Хүний дархлал хомсдлын вирусын халдвар авсан эхээс халдвартай хүүхэд төрж байгаа үзэгдлийг бууруулахын тулд 80 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэлэхдээ “АНУ Дох-ын халдварыг дэлхийн хүн амын бүхий л үе шатанд устгаж, энэ төрлийн өвчлөлийг бууруулахын тулд далайцтай алхам хийх болно. Бид эргэж буцалтгүй тэмцэх болно. Хэрэв бид Дох-той тэмцэхгүй л бол зугтааж чадахгүй шүү дээ.” гэв
АНУ Дох-ыг дарах эм бэлдмэл гаргаж авах, ядуу буурай орнуудын ард иргэдийг халдвар авахаас хамгаалах судалгааны ажилд зориулан сая сая доллар зарцуулсаар ирсэн. Нэн ялангуяа хоёр хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орогчид, ижил хүйстнээ сонирхогч залуус, хамтрагчид халдвар авах эрсдэл хамгийн их байгааг онцолж байсан юм.
Чуулганд улс төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас гадна урлаг соёлын алдартнууд өөрсдийн хувь нэмрээ оруулжээ. Майкрософт болон Гэйтсийн санг үндэслэн байгуулагч Билл Гэйтс ХДХВ-ын тархалтыг зогсоохын тулд вакцинжуулалтыг бүс нутгуудад хийх зайлшгүй шаардлагатай ч эдийн засгийн таатай бус нөхцөл байдалд санаа зовж байсан юм. Харин рок попын ертөнцийн томоохон төлөөлөгч Элтон Жон Засгийн газрууд халдвар авсан хүмүүсээ эмчлэхэд анхаарлаа хандуулж, хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.