
Б.Даш-Ёндонгийн үед Нагаржунайн онолд орж Н.Багабандийн үед түүнээсээ салж, Н.Энхбаярын үед шинэчлэгдэж, С.Батболдын үед “хувьсгалт” гэдэг “мангас” нэрнээсээ салсан энэ намынхан Ө.Энхтүвшингийн үед яаж өөрчлөгдөхийг харах үлдлээ. Өөрчлөгдөж шинэчлэгдэхийн тулд бас өнгөрсөн сонгуулийнхаа алдаа оноог олох гэж МАН-ын Бага хурал 3 хоног хуралдлаа. МАН-ын удирдлагуудын мэдэгдэж байгаагаар бол тус намын бага хурал битгий хэл их хурал нь ч гэсэн гурав хоног болж байгаагүй аж. Тиймээс ч ихээхэн ач холбогдол өгч, гишүүд нь ярих гэснээ яриад авсан бололтой.
Ерөнхийдөө сонгуульд ялагдсанаа нэлээд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж. Юуны өмнө сурталчилгаа буруу байсан гэдгийг хүн бүр хэлжээ. Мөн МАХН санал хуваасан гэсэн удаах дүгнэлтийг хийж. Дараа нь зарим тойрогт нэр дэвшүүлэх сонголт буруу байсан, төв штаб сайн ажиллаагүй гэсэн тайлбар, үндэслэлүүд их гарсан гэж эх сурвалж мэдээллээ.
МАН-ын дуулиан бага хурлаас гарсан нэг томоохон шийдвэр нь хариуцлага тооцож чаддаг шинэ жишгийг гаргаж ирлээ. Энэ жишгийг намын дарга асан С.Батболд, У.Хүрэлсүх нар үзүүлэв. Уг нь 2004 онд ялагдсан ч гэсэн намынхаа удирдлагатай хариуцлага тооцож чадалгүй өнгөрсөн түүх энэ намд байдаг. Харин энэ удаа намын дарга С.Батболд сонгуульд ялагдсаныхаа маргааш ажлаа өгье, ялагдал хүлээлээ гэж хэлсэн нь энэ намд улс төрийн шинэ соёл, жишгийг бий болгосон аж. Харин цаашдаа С.Батболдын тогтоосон энэ эрэмбэ дараа, жишгийг мөрдөж чадах эсэхийг олон гишүүд нь хэлж байжээ. Тухайлбал удахгүй болох орон нутгийн сонгуульд МАН ялагдал хүлээвэл Ө.Энхтүвшин, шинэ удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга нар хариуцлага хүлээж чадах уу гэдэгийг бага хурлын гишүүд ам авах байдлаар хариулж. Нөгөөдүүл нь С.Батболд шиг л байна гэж хариу өгчээ.
МАН-ын ихэнх гишүүд нэг дүгнэлт өгсөн нь С.Батболд даргыгаа яаран сандран ажлаа өглөө, намд олон шинэчлэл хийж эхлүүлсэн гэж дүгнэжээ. Тэдний дүгнэлтээр бол С.Батболд намын байрыг бариулж, нэрээ сольж, ард түмнээ сонсох аяныг эхлүүлж, намын дэргэд байнгын хороодыг ажиллуулж, нийгмийн ардчиллын үзлийг тунхаглаж, Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн хөшөөг хүрэлдэж хоёр жилийн хугацаанд багагүй зүтгэсэн гэнэ. Эдгээрээс хожим С.Батболдыг гурван зүйлээр МАН-ынхан дүгнэж дурсах биз. Нэгдүгээрт 90 жил сольж чадаагүй уугуул нэрээ сэргээсэн, хоёрдугаарт Нийгмийн ардчиллын үзлийг тунхагласан, гуравдугаарт МАН-ын байрыг бариулсан гэдгийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй.
МАН-ын бага хурлын өөр нэгэн сюрприз нь “Ардын намын анхны жигүүр” байсан бололтой. Тэд удирдлагаа хамгийн их шүүмжилсэн байна. Бас их хурлаа хуралдуулахыг шаардсан ч гэсэн тодорхой хариу авч чадаагүй байна.
Өөр нэгэн сонин нь тус намын НАМЭХ-ныхоны хэрүүл бага хурлыг нэг хоногоор сунгахад хүргэжээ. Учир нь тус холбооны эмэгтэйчүүд бүгд л удирдах зөвлөлд орох гэж гүрийн намынхаа удирдлагуудыг их зовоожээ.
Харин шинээр томилогдсон нарийн бичгийн дарга нартаа гишүүд нь ам сайтай байгаа бололтой. Гэвч Ерөнхий нарийн бичгийн даргаа жаахан голж, чадах болов уу гэсэн эргэлзээтэй хэвээр хурлыг дуусгажээ. Г.Занданшатарыг чадах эсэийг нь харах л үлдсэн. Энэ мэт сонинтой, дуулиан шуугиантайгаар МАН-ын бага хурал гурван өдөр хуралдаж дууслаа. Намын шинэ дарга Ө.Энхтүвшингийн мэдэгдэл нь анхаарал татна. Тэрхүү мэдэгдэлээр бол МАН ирэх 4 жилд хүчтэй сөрөг хүчин байхаа бага хурлаараа эцэслэн шийдвэрлэжээ.
24tsag.mn