
Трактор худалдаж авах тариаланчид нэмэгдсээр байна

Монголын ХХААХҮЯ БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлээр 8000 трактор оруулж ирэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу трактор авахыг хүссэн тариаланчид хөдөө, орон нутгаас ирж, ХХААХҮЯ-ны байрны гадаа дугаарлан зогсох болсон байна. Уг нь тракторыг иргэдэд дөрөв, тавдугаар сард тараах байсан ч ЗГ-ын шийдвэрийг хүлээж, зургадугаар сарын 8-наас эхлэн БНХАУ-аас машинаа ачиж эхэлжээ. Одоогоор энэ сарын 15 гэхэд тракторуудыг задалж ачсан 160 чингэлэг оруулж ирээд байна. Тракторууд таван сая төгрөгийн үнэтэй бөгөөд тариаланчид эхний ээлжинд хоёр сая таван зуун мянган төгрөгөө төлөөд авч байгаа аж. Үлдсэн 2,5 сая төгрөгийг 2017 он хүртэл жилдээ 500 мянган төгрөгөөр төлөх байдлаар гэрээ хийж байгаа аж. Жижиг оврын трактор оруулж ирж байгаа нь тариалан эрхлэгчдийг төрөөс дэмжих ажлын нэг хэсэг. Нийт 8000 тракторын 5000 нь анжисны, 3000 нь хадлангийн зориулалтынх гэв.
Д.Ундрах 24tsag.mn