Айлчлалын хүрээнд ярьсан нэг чухал сэдэв нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар байв. Монголын оюутан залуус, төрийн албан хаагчдад тэтгэлэг олгох зэргээр хүний нөөцийг хөгжүүлэхэд Энэтхэг улсын Засгийн газар үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Цаашид Энэтхэг улс нэр хүндтэй их дээд сургуулиудад боловсон хүчин бэлтгэх, төрийн өндөр болон дунд шатны албан хаагчдыг засаглал, төрийн захиргааны чиглэлээр хамруулах санал тавьжээ. Мөн Монголын залуу дипломатуудыг олон улсын эрх зүйн чиглэлээр сургах талд Энэтхэгийн тал дэмжлэг үзүүлэхээр ярьсан байна.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд хатагтай Сушма Свараж Монголын сэтгүүлчдийг сургахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, жил бүр Монголын 10 сэтгүүлчийг Энэтхэг улстай танилцах хөтөлбөрийг зохион байгуулах болсон байна. Мөн хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлж, кино урлаг, телевизийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцжээ. Тэрбээр мөн Монголын оюутнуудад зориулан мэргэжлийн сургалтуудыг нэмэх, соёл урлаг, хөгжим, Буддын шашин судлал зэргээр Энэтхэгт суралцах боломжтойг онцолж байв.
Зөвхөн дээд боловсролын хүрээнд хамтран ажиллах бус Монгол-Энэтхэгийн найрамдалт дунд сургуулийг Монголд байгуулах ажлыг шуурхайлна гэлээ.
Дашрамд дурдахад, Энэтхэг улсын Засгийн газрын Техник, Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголоос жил бүр 110 орчим хүнд богино хугацааны сургалтын тэтгэлэг өгч, тус улсад суралцах боломжоор хангаж ирсэн билээ. Энэхүү хөтөлбөрт хамрах боломж бололцоог цаашид нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Энэтхэг улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын хүрээнд ярилцжээ.