
Лондонгийн олимп өндөрлөж, залгуулаад зохион байгуулагчид паралимпийн XV наадмын бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ.

Лондонгийн олимп өндөрлөж, залгуулаад зохион байгуулагчид паралимпийн XV наадмын бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Энэ сарын 29-нд эхэлж 10 хоног үргэлжлэх уг наадмыг спортын 21 төрлөөр зохион байгуулах бөгөөд 165 орны 4200 орчим тамирчин 503 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэгвэл уг наадамд манай улс спортын дөрвөн төрөлд зургаан тамирчнаа илгээх гэж байгаа юм. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Ууганхүү, 90 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Ганбат, байт харвааны эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, хийн гар бууны 10 метрийн дасгалд Ц.Лхамсүрэн, хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр Д.Бадрал нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байна. Баг тамирчдыг паражүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Базарсүрэн, пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Н.Дариймаа нар дасгалжуулна. Анх есөн тамирчин эрхээ авсан ч гурав нь хоёр дахь удаагийн сорилтоор бүдэрсэн юм. Монголын баг тамирчид 10 хоногийн дараа Лондонг зорих ажээ.
Д.Ундрах 24tsag.mn