Үлгэр домог мэт яригдсаар зууныг элээж буй Монголын Говьд бий гэх олгой хорхойн үнэн бодитой оршдог эсэхийг нягтлан тодруулахаар Алшаагийн говьд очсон Өвөр Монголын монгол “Одон” телевизийн сурвалжлах хэсэг эрлээ олсон тухай нэвтрүүлэг бэлтгэснээ наймдугаар сарын сүүлээр цацав. Нууцлаг энэ амьтны талаар Монголын говь нутгийн малчин ардууд хэзээнээс хэлэлцсээр ирснийг 1926 онд Рой Чэпмен Эндрюс “Эртний хүний мөрөөр” хэмээх номдоо өгүүлж соёлт ертөнцийн чихнээ анх дуулгасан бөгөөд нутгийн ардын ярианаас гадна ерөнхий сайд Жалханз хутагт С.Дамдинбазар түүнтэй 1923 онд уулзахдаа “Хоёр тохой гаруй урт, мал амьтны чихсэн олгой мэт, хөл толгой үгүй, хүний биед хүрмэгц эгшин зуур үхүүлэхүйц хүчит хор агуулдаг.
Үлгэр домог мэт яригдсаар зууныг элээж буй Монголын Говьд бий гэх олгой хорхойн үнэн бодитой оршдог эсэхийг нягтлан тодруулахаар Алшаагийн говьд очсон Өвөр Монголын монгол “Одон” телевизийн сурвалжлах хэсэг эрлээ олсон тухай нэвтрүүлэг бэлтгэснээ наймдугаар сарын сүүлээр цацав. Нууцлаг энэ амьтны талаар Монголын говь нутгийн малчин ардууд хэзээнээс хэлэлцсээр ирснийг 1926 онд Рой Чэпмен Эндрюс “Эртний хүний мөрөөр” хэмээх номдоо өгүүлж соёлт ертөнцийн чихнээ анх дуулгасан бөгөөд нутгийн ардын ярианаас гадна ерөнхий сайд Жалханз хутагт С.Дамдинбазар түүнтэй 1923 онд уулзахдаа “Хоёр тохой гаруй урт, мал амьтны чихсэн олгой мэт, хөл толгой үгүй, хүний биед хүрмэгц эгшин зуур үхүүлэхүйц хүчит хор агуулдаг. Говь нутгийн зэлүүд хязгаарт тохиолддог” хэмээн ярьсныг тэмдэглэсэн буй. Үүнээс 20 гаруй жилийн хойно Монголд хэдэнтээ ирж ажилласан Зөвлөлтийн эрдэмтэн Иван Ефремов Зүүнгарын говьд олгой хорхойтой учрахаар барахгүй түүний экспедицийн хоёр нөхрийг уг амьтан хөнөөсөн тухай өгүүлэл бичсэн нь энэ нууцлаг амьтны талаархи хамгийн сүүлийн бүдэг бадаг боловч баримтыг агуулж байв. Үүнээс хойш олгой хорхойг янз бүрээр дүрсэлсэн, криптозоологийн ангилалд оруулсан, тэр бүү хэл ном зохиол, кино, тоглоомын баатар болгосон нь бишгүй бөгөөд 1990-ээд оноос хойш гадаадын хэд хэдэн телевиз болон хувийн хайгуулын баг Монголын Говьд эрэл зохион байгуулсан боловч уг амьтныг олж үзсэн нь нэгээхэн ч үгүй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт гарсан “Одон” телевизийн нэвтрүүлгийг үзвэл, байгаа үгүй нь мэдэгдэхгүй он удсан энэ нууцлаг амьтныг тэд оллоо гээд дурайтал авсан бичлэг харуулав. Тэдний үзсэн амьтан нь нутгийн ардын яриагаар бол олгой хорхой гэгч чухам мөн бөгөөд телевизийн ажилтнууд ч өөрсдөө үүнд итгэлтэй байгаа аж. “Одон” телевизийн баг энэ оны тавдугаар сард Алшаад очиж загаас өөр торойх юмгүй, алагдаахай, гүрвэл, зараанаас өөр амьд амьтангүй шахам зэлүүд говьд хорь гаруй хоног олгой хорхойг бэдрэн явжээ. Телевизийн ажилтны хэрэглэж буй нэр томъёог сонсвол өвөрмонголчууд олгой хорхойг мухар мүндэс гэдэг аж. Энэ нь уг амьтны хэлбэр галбир, тухайлбал сүүл нь үзүүр тийшээ нарийсдаггүй, цавчсан мэт мухар байдаг гэж ярьдагтай холбоотой байж мэдэх юм. Ямар ч атугай манайхны ярианд болон дэлхий нийтэд хэвшсэн нэршлээс ондоо бас нэг нэр гарч ирж байгаа нь сонин төдийгүй уг амьтны үнэхээр байдаг гэдэгт итгэж болох өчүүхэн нэг сэжүүр ч болох болов уу. Говийнхны яриагаар бол олгой хорхой нь тавдугаар сард ичээнээс гардаг. Эрлийнхэн говьд гоёо түүж яваа хүмүүстэй учирч, олгой хорхойн тухай лавлан асуухад уг амьтныг үзсэн гэх хүн цөөнгүй тааралдаж өнгө зүс, байр байдлыг нь өөр өөрийнхөөр өгүүлэх бөгөөд Самдан хэмээх нутгийн өвгөн өөрөө өнгө будаг ялган зурж үзүүлж байна. Гэвч нутгийн хүмүүс олгой хорхойг барих нь байтугай ойртох, түүнийг ямар нэгэн байдлаар оролдохыг цээрлэж цэрвэдэг аж. Тийм ч учраас эрлийнхэнд энэ амьтны талаар хүссэн тодорхой зүйлийг нь хэлж өгөхдөө төдийлөн дуртай биш байх бололтой. Ингэж явсаар 23 дахь хоног дээр, мөн гоёо түүж явсан монгол өвгөнтэй тааралдаж эрлээ асуусан нь онох шиг болов. Өвгөний хэлэхээр уг амьтныг өнгөөр нь ялган хэд хэдэн янз буй гэж нутгийнхан хэлэлцдэг гэнэ. Түүгээр барахгүй өвгөн урт богино, өнгө өнгө хэд хэдэн янзаар нь үзсэн аж. Тийм ховор зэвэр тохиолддог амьтан ч биш бололтой. Улмаар өвгөн байдаг газрыг нь зааж өгөхөөр эрлийнхнийг дагуулж явав. Заасан газар нь очигсод загийн ёроолд өвгөний хэлсэн ёсоор хүрзээр малтахад хөрсний гадаргуугаас төдийлөн доошлоогүй байтал могой мэт олигор урт амьтан гулжиганан үзэгдэж цааш зүтгэлсээр шороо нүхлэн далд оров. Дунд хэрийн могой гэмээр амьтан ажээ. Мөн тэр хавиас гарсан хөх эрээн өнгийн могойрхуу амьтны тун тодорхой зургийг “Одон” телевизийнхэн авсан бөгөөд олгой хорхой буюу мухар мүндэс мөн хэмээн үзэж байгаагаа хэлж байв. Гэхдээ аман ярианд дүрслэгдсээр ирсэн олгой хорхойн могойноос ялгарах онцгой хэлбэр уг амьтны харагдах байдлаас шууд мэдэгдсэнгүй. Ямар ч байсан “Одон” телевизийнхэн олгой хорхойг хайсан үүнээс өмнөх хэд хэдэн эрлийнхний хоосон үр дүнгээс ялгаатай нь “Байдаг юм байна” гэсэн үр дүнгээр өөрсдийн ажлыг үнэлж, энэ талаар цаашид ч үргэлжлэх эрэл хайгуул, мэтгэлцээний талбарт өөрийн гэсэн тодорхой баримтыг хэлэлцүүлгийн сэдэв болгож дэвшүүлэн тавьжээ. Ер нь нууцлаг амьтдын эрэл хайгуул, холбоотой баримт сэлтийг шинжлэх ухаанчаар үнэн бодитой үнэлэн дүгнэхэд мэргэжлийн хүмүүсийн оролцоо амин чухал. “Одон” телевизийнхний зургийг нь аваад олгой хорхой мөн гэж буй тэрхүү амьтан нь говийнхны домоглон хэлэлцдэг нууцлаг амьтан мөн бишийг чухам ийм оролцооны туслалцаатайгаар тогтоох нь мэдээж. Сээр нуруутан судлаач, профессор Х.Тэрбиш говийнхноос олгой хорхой бий эсэхийг лавлаад заасан газар нь очиж үзэхэд манай Борзон, Галбын говиор ховорхон тохиолддог тэмээн сүүл (латин нэр нь Eryx tataricus Lichtene) хэмээх могой байсан тухай ярьсан нь бий. Тэмээн сүүл нь зарим талаараа аман ярианд буй олгой хорхойн шинж байдлыг агуулдаг бөгөөд тухайлбал бусад могойн адилаар өндөглөдөггүй, зулзага гаргадаг аж.
Сэтгэгдэл (10)