УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр хуралдлаа.
Хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Сүүлийн жилүүдэд балан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнээр үндэсний хэмжээний томоохон төслийг гүйцэтгүүлэх ажлыг хийж байна. Энэ ажил амжилттай хэрэгжиж байна. Мөн кибер халдлага ихээр гарах болсонтой холбогдуулан зэвсэгт хүчний техник, тенхологийг сайжруулж, боловсон хүчнийг сургах шаардлагатай болсон учир хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай санал солилцсон. Тэрбээр зөвшөөрсөн” гэсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
Ж.Энхбаяр: Хуулийн төслийг дэмжинэ. Дэлхий улс орнууд кибер орон зайг бие даасан талбар гэж үзэж байгаа. Энэ ч утгаараа кибер цэрэг, арми бүрдүүлж бодлого хэрэгжүүлдэг болсон. Миний зүгээс төрлийн цэргийн төвшинд авч үзэж, ирээдүйг харж хийх ёстой. Түүнээс биш Зэвсэгт хүчин жанжин штабын дэргэд байгуулах замаар хөнгөн хандаж болохгүй. Н.Энхболд сайд үүнийг юу гэж бодож байна вэ? Мөн тусгай хүчнийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж байна. Цаашид энэ чиглэлээр өргөн хүрээтэй ажиллах ёстой. Нэгэнт хуулийн төсөл оруулж байгаа юм чинь тусгай хүчин гэдгийг тусгавал ямар вэ?
Н.Энхболд сайд: Кибер орон зайн хувьд санал нэг байна. Кибер орчинд өргөн хүрээтэй дайн өрнөж байна. Судалж үзэхэд, манай улсын кибер хамгаалалт, хариу үзүүлэх чадамж дэлхийн хөгжлөөс 15-20 жилээр хоцорч байна. Тиймээс араас нь хөөх нь зүйд нийцэхгүй учир кибер аюулгүй байдлыг хамгаалах төв байгуулсан. Одоо ажиллаж байна. Хуулийн төслөөр барилгын цэрэг, кибер цэргээ төрлийн цэргийн хэмжээнд тавьбал хэтийг харсан алхам болно. Хамгийн чухал асуудал нь боловсон хүчин бэлтгэх асуудал. Маш өндөр өртөгөөр сургадаг юм байна. Гэхдээ өндөр үнэтэй гээд хойш сууж болохгүй. Тусгай хүчний бэлтгэлийн хувьд төрлийн хэмжээнд хүргэх талаар ярилцаагүй байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (2)