Улс төрийн арав гаруй нам, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотой НЭХ-НӨХ хөдөлгөөнийг байгуулж байгаа тухай хэвлэлийн хурал хийлээ. Уг хэвлэлийн хурлаар тэд “Тэтгэврийн сан, халамжийн сан, төсвийн зарцуулалт, гаднын улсуудаас хандивлаж байгаа төсөл, хандив, хөтөлбөрүүдийг эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр байгаа хүмүүс хувьдаа завших, өөрсдийн ашиг орлогоо нэмэгдүүлж байна. Зөвхөн хөгжлийн банк гээд шуугихдаа гол нь биш. Цаашид энэ сан, хөтөлбөрүүд авилгач хүмүүсийн завших ийм хэрэгсэл байж болохгүй гэдэг үүднээс улс төрийн намууд хамтраад нийтийн эрхийг хамгаалъя, нийтийн өмчийг хамгаалъя буюу НЭХ-НӨХ хөдөлгөөн байгуулж байна. Арав гаруй намын төлөөлөл ирсэн байна. Монгол улсад улс төрийн эрх мэдрэлтүүд нийтийн сан хөмрөгийг хулгайлах, завших явдал газар авч туйлдаа хүрч байна. Энэ нь олон нийтийн зэвүүцэл дургүйцлийг хүргэж байгаа. Улсын сан хөмрөгийг удирдах, зохицуулах Монгол банк, санхүүгийн зохицуулах хороо, үндэсний аудитын газар зэрэг байгууллагууд нь улс төрийн нам, улс төрийн дохио зангаагаар хөдөлдөг болсон байна. Монгол улсад хуулийн засаглал хэрэгжихээ больжээ. Банк санхүү, хууль санхүүгийн бүлэглэлүүд өөрсдийн гэмт хэргүүдээ нуун далдлахын тулд банкнуудыг дампууруулж, олон арван санг хааж, нийлүүлэн өнгө зүсийг нь хувиргах аргаар гэмт хэргийн ул мөрөө баллаж байна. Мөн татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулдаг байдал нийгэмд жишиг болон тогтлоо. Тиймээс хулгай луйврын үүр уурхайг устгах, идэж уух сэдлийг хязгаарлах зорилгоор улс төрийн намууд болон төрийн байгууллагууд, ард иргэдийн оролцоо бүхий нийтийн эрхийг хамгаалах, нийтийн өмчийг хамгаалах НЭХ,НӨХ хөдөлгөөн байгуулагдсаныг мэдэгдэж байна. НЭХ-НӨХ хөдөлгөөнийг мэдээллээр хангаж, хамтран ажиллахыг улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс шаардаж байна” гэлээ.
Сэтгэгдэл (3)