Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газраас хамтран зохион байгуулж байгаа “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны нээлт өнөөдөр орон даяар эхэллээ. Уг аяны хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг болзошгүй аюулаас хамгаалах зорилготой юм. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг үг хэллээ. Тэрбээр “ЦЕГ-т анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар сургалт орохоор төлөвлөж байна. Сургалтын хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна. Мөн аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд осол гэмтлийн үед ашиглах яаралтай тусламжийн багцууд, хэрэгслээр хангах ажил үргэлжилж байна.
Эрүүл мэндийн яам Азийн хөгжлийн агентлагтай хамтран агаарын эмнэлгийн түргэн тусламж үзүүлдэг багийг байгуулж 2029 он хүртэл хамтран ажиллахаар төсөл хэрэгжиж байна.
Бид өнгөрсөн жилээс эхлэн ОБЕГ-тай хамтарч, алслагдсан аймгуудад нисдэг тэргээр түргэн тусламж үзүүлэн ажиллаж байна. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн нутаг дэвсгэрт харамсалтайгаар гурван хүн амь насаа алдсан. Гурван иргэний биеийн байдал хүнд, автомашинаар тээвэрлэх боломжгүй байсан тул нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д хүргэсэн. Дээрх арга хэмжээг авч байгаа хэдий ч хангалттай хэмжээний техникийн нөхцөл байдал хомс байна тул цаашид нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна" гэв.
М.Балжинням