Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллав.
Ажлын хэсгийн зорилго нь иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэй, бүрэн барагдуулж, хуулийн хугацаанд шийдвэрлэх, өргөдөл гомдлыг шийдвэрлэх явцад гаргасан зөрчлийг арилгах, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох, өргөдөл, гомдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлж, шийдвэрлүүлэх, зөвлөн туслах юм.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, иргэдийн өргөдөл, хүсэлт, түүний мөрөөр авч хэрэгжүүлж буй ажил үйлчилгээг нэгтгэн танилцуулсан бол мэргэжилтнүүд хариуцсан чиглэлээр ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байдал явцын дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 490 өргөдөл ирснээс шийдвэрлэлт 90 гаруй хувьтай, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 9 хоног байгаа нь харьцангүй шуурхай сайн үзүүлэлт байна.