“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат нүүрс тээврийн мэдээллийг ил тод болгож эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Миний хувьд Бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдоод хоёр долоо хоног болж байна. "Эрдэнэс Тавантолгой" компани нээлттэй, ил тод болох ёстой. Цахим хуудаснаа уурхайгаас ачиж байгаа нүүрсний хэмжээг ил тод болгож өгч байна. Эндээс ямар компани хэчнээн тээврийн хэрэгслээр он, сар, өдрөөр нь хэчнээн тонн нүүрс ачиж байна вэ гэдгийг харж болно.
Өнөөдрийн байдлаар 30.497 тонн нүүрсийг 265 тээврийн хэрэгслээр ачсан. Ачилтын компанийн мэдээлэл хаалттай байсан. Өнөөдрийн байдлаар 13 худалдан авагч нүүрс тээвэрлэж байна. Тендерийн мэдээллийг холбож өгсөн.
"Эрдэнэс Тавантолгой" компани мөнгөөр л төлбөр төлнө. Нийтдээ нэг жилийн 3.4 их наядын худалдан авалт хийдэг. Өнөөдрийн хурлаар нүүрс тээврийн мэдээллийг ил тод болгож байна гэдгээ зарлаж байна. Уурхай дээр ачигдсан нүүрс Цагаанхаданд бууж, хилээр гарч байгааг ил тод болгож байгаа. Энэ хооронд бага зэрэг зөрүү гарч байгаа нь үнэн. Засгийн газраас аравдугаар сарын 6-ны өдөр тогтоол гарснаас хойш өнгөрсөн Баасан гаригт 833 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэсэн. Мэдээлэл хаалттай байхаар олон нийтийн дунд хардлага үүсгэж байна. Уурхайгаас гарсан нүүрс тээврийн машиныг цахимаар хянадаг болно. Хэд хэдэн технологийн нэвтрүүлж байгаа" гэв.