Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Банкны салбар хэвийн тогтортой үйл ажиллагаатай байна. Чөлөөт эх үүсвэрүд сайтай, ашиг орлого сайтай байна. Чанаргүй зээлийн хэмжээ түүхэн доод хэмжээнд дөхсөн сайхан дүр зурагтай байна. Банкны салбар бизнесийн зээлийг өндөр хэмжээгээр олгосон. Иргэдэд хэрэглээний зээлийг түлхүү олжгож байсан бол сүүлийн үеийн чиг хандлагыг харахад бизнесүүдэд олгож байгаа зээлийн хэмжээ нэмэгдсэн. Банкны зээл өнгөрсөн онтой харьцуулахад 27 хувиар өссөн байна. Энэ нь хэдийн буурч байгаа эерэг үзүүлэлт боловч нийт эдийн засагт үзүүлж байгаа хэт халалт, инфляцын өсөлтөд дэмжлэг үзүүлж байгаа зүйл болоод байгаа. Үүнийг цаашид хязгаарлах, тогтвортой түвшинд нь хүргэх шаардлага байгаа учраас мөнгөний бодлого хатуу чигээрээ байгаа гэж харагдаж байна.
Бизнесийн салбарт шинээр олгогдсон зээл 19 хувиар өссөн байна. Үүнийг дагаад бизнесийн чанаргүй зээл буураад 5 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. 20 зээл тутмын 1 нь л чанаргүй зээл болсон статистик байна. Үүнийг дагаад банкны үйлчилгээ үзүүлж байгаа зардал буурч, шинээр зээл олгох боломж нэмэгдэж байна.
Цалин, тэтгэвэр, автомашины чанаргүй зээл нэмэгдсэн таагүй мэдээ харагдаж байна. Үүнээс үзвэл өрхийн орлого дээр ирж байгаа өрийн дарамт нэмэгдсэн байдалтай байна. Энэ бол төр засгийн зүгээс иргэдийн өрхийн орлогод анхаарал хандуулах цаг ирсний дохио. Цалин, тэтгэврийн зээлийн чанаргүйдэл 2 дахин нэмэгдсэн.
Том таван банкны нийт актив өмнөх оноос 8.5 их наядаар нэмэгдсэн байна. Хамгийн өндөр үзүүлэлт үзүүлж байгаа банкууд бол Худалдаа хөгжлийн банк, Голомт банк байна. Хамгийн өндөр өгөөжтэй нь Хаан банк, Голомт банк" гэж дурдлаа.
М.Гал