Японы хэвлэлийн өнгөний их мастер хэмээгддэг Такаяанаги Ноборү манай улсад долоо хоногийн турш ажиллаж хэвлэлийн салбарынханд туршлагаасаа хуваалцан, зөвлөгөө өглөө. Такаяанаги Ноборү бол Японы “Токио Иншокан принтинг” хэмээх 75 жилийн түүхтэй компанийн Хэвлэл хариуцсан захирал бөгөөд түүний гэрэл зураг болон уран зургийн ном хэвлэх арга барил нь өндрөөр үнэлэгддэг.
Тэрбээр Япон улсын мэргэжлийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн 42 дахь удаагийн Гранпри шагналт. Түүнийг эх орондоо урьж, туршлагаас нь хуваалцах энэхүү долоо хоногийн хөтөлбөрийг Монголын талаас Чингис хааны музей, “Гамма” агентлаг, “Мөнхийн үсэг” групп, “Непко паблишинг”, “Цагаандариум” галерей, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Хэвлэлийн салбарт ажиллаж байгаа олон газар түүнийг урьж, туршлагаас нь хуваалцсаны нэг нь “Мөнхийн үсэг групп” байлаа. Такаяанаги Ноборү энэ үеэр “Хэвлэгч гэдэг мэргэжил зүгээр нэг тоног төхөөрөмж ажиллуулдаг хүн биш, харин уран бүтээлч лүгээ мэдрэмж, урлагийн хүнтэй адил зүрх, тархитай байх ёстой” хэмээсэн нь хамгийн чанартай гэрэл зураг, зөв дараалалтай ном журмын дагуу хийсэн дизайн, мэдрэмж, ур ухаан шингэсэн хэвлэлт хамтдаа нэг цогц болж байж чанар үзэмж төгсөрнө гэдгийг сануулж байлаа.
Японы хэвлэлийн өнгөний их мастерийн Монголд ажилласан энэ долоо хоногийн хөтөлбөр Монголын хэвлэлийн салбарынхан, гэрэл зурагчдад асар өгөөжтэй байснаас гадна монголчуудад ямар ч урлагийн, уран зургийн, гэрэл зургийн цомгийг дэлхийн төвшинд хэвлэх техник, тоног төхөөрөмж, технологи хангалттай байна гэдгийг харуулсан өдрүүд байлаа.
С.Сүлд