Коронавирусийн нөхцөл байдал, томуу, томуу төст өвчний эмнэлзүйн онцлог, хүндрэл, эрэмбэлэлт, эмнэлэг болон гэрт үзүүлэх тусламжийн ялгааны талаар мэдээлэл өгч байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Номхон далайн баруун бүс буюу манай бүс нутагт ковид-19, омикрон давлагаа, дэгдэлт үргэлжилж байна. Өмнөд Солонгос, Япон, Хятад улсад халдварын тархалт өндөр байна. Бусад орнуудад манай улсад бүртгэгдээгүй XBC, XBB зэрэг шинэ хувилбарууд тодорхойлогдож байна. Тэгэхээр шинэ хувилбарын эрсдэлүүд байна. Мөн бидэнтэй хамгийн ойр ажиллаж амьдардаг, олон улсын харилцаа идэвхитэй амьдардаг улс орнуудад өндөр байна.
Харин манай улсын хувьд 45 дугаар долоо хоногт буюу, нэг долоо хоногт 1192 хүнээс халдвар илэрлээ. Өмнөх долоо хоногт 772 байсан бол 1192 болж өслөө. ПСР шинжилгээгээр илрэх хувь таваас 5,9 болж нэмэгдсэн. Эрүүл мэндийн ажилтан ажлын байрнаас халдвар авах нөхцөл нэмэгдэж байна.Эдгээрээс тохиолдлын тоо нэмэгдэж байна гэдгийг харж болохоор байна. Аравдугаар сарын сорицон дээр омикроны шинэ хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлсэн.
Өнгөрсөн хоёр долоо хоногийн шинжилгээний хариу гарсан байна. Тухайлбал, BQ1.2 хувилбар нийт сорицон дотор 30 хувь хүртлээ өссөн. BF7 хувилбар найман хувь хүртэл өссөн үзүүлэлттэй байна.
Эрсдэлт бүлэг болох хүүхэд, өндөр настныг дархлаажуулалтад хамрагдахыг хүсье. Амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих зэрэг энгийн дадал зуршлаа эргэн сэргээх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун