Монголын эдийн засгийн форум өнөөдөр Төрийн ордонд "Маргаашийн төлөө хамтдаа" уриан дор эхэлнэ. Тус форумын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, шинэ Засгийн газрын хөгжлийн бодлого, чиглэлийг танилцуулах юм.
Төр, хувийн хэвшлийн бодлогын хэлэлцүүлэг өрнүүлдэг чуулганаар энэ удаад байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах, чухал ашигт малтмал, тогтвортой олборлолт, тогтвортой засаглал, ил тод зохицуулалт, бодлогын уялдаа холбоо, институтийн чадавх, санхүүжилт болон хөрөнгө оруулалтын боломж, дижитал шилжилт, технологийн хөгжилд хүний нөөцийг бэлтгэх, хүнсний хэрэгцээг дотооддоо хангах, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай татах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Энэ жилийн “Монголын эдийн засгийн чуулган-2025” арга хэмжээг хувийн хэвшлийн санхүүжилтээр зохион байгуулж байна.