Коронавирусийн нөхцөл байдал, томуу, томуу төст өвчний эмнэлзүйн онцлог, хүндрэл, эрэмбэлэлт, эмнэлэг болон гэрт үзүүлэх тусламжийн ялгааны талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д ковидийн улмаас 342 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс зургаа нь маш хүнд оноштой байна. Мөн эдгээр хүмүүс дунд 50 хүүхэд байгаа. Эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа зургаан иргэний хоёр нь хүүхэд байгаа. Тухайн хоёр хүүхэд маань хавсарсан өвчтэй учраас хүнд байдалтай байгаа юм.
ХӨСҮТ-өөс гадна Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвд ковид19-тэй жирэмсэн эмэгтэйчүүдийг эмчилж байгаа.
Эмнэлзүйд илэрч буй шинж тэмдгийн хувьд хоолой өвдөх, ханиалгах, халуурах, ядарч сульдах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад нас баралт бүртгэгдсэн байна. Хавсарсан өвчтэй иргэн ковид19-ийн халдвар авч, хүндээр өвчилж нас барсан тохиолдууд байна" гэв.
Д.Батчулуун