“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байна. Чанарын дэд бүтцийн эрх зүйн орчныг олон улсын жишигт хүргэх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор хэлэлцүүлгийг эхлүүлжээ.
Засгийн газар, Шадар сайд С.Амарсайхан санаачлан үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарч, иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, олон нийтэд стандартын боловсрол олгох соён гэгээрүүлэх зорилгоор хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр: “Улсын хэмжээнд 16 яам, 21 аймаг, есөн дүүрэгт “Төрөөс стандарт, хэмжил зүйн талаар баримтлах бодлого”, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсрууллаа. Салбар дундын хамтын ажиллагааг хангах зорилгоор өнгөрсөн сарын 27-ны өдрөөс энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулна. Баримт бичгүүдийн төсөлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, сонирхогч талуудын саналыг авах, хэлэлцүүлгийн ажил дуусах дөхсөн.
Одоогийн байдлаар найман яам, 20 аймагт хэлэлцүүлгийг амжилттай хэрэгжүүллээ. Хэлэлцүүлэгт 1000 гаруй төлөөлөл оролцсон. Мөн сумдын ЗДТГ, газар, хэлтэс агентлаг, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, мэргэжлийн холбоодод албан бичгээр төслийг танилцууллаа. Хөтөлбөрийн төсөлд тусгах санал авах ажлууд явагдаж байна” гэв.
Цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулсан хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг үндэсний хөтөлбөрт тусгаж, нэгтгэн энэ сарын 20-ноос хойш нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулна. Цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөнд оруулж, ажиллахаа зохион байгуулагчдын зүгээс илэрхийллээ.