Улаанбаатар хотын 2025-2026 оны галлагааны улиралд айл өрхүүдийг хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг ашиглах шийдвэрийг Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Хими, химитехнологийн хүрээлэнгийн эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу гаргасан.
Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэн, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын алба, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Эрчим хүчний яамны шинжээч, мэргэжилтнүүд хамтран БНХАУ-ын утаа бууруулах хөтөлбөрийн туршлага судлах, мөн хагас коксын үйлдвэр, шахмал түлшний үйлдвэрлэлийн явц, бүтээгдэхүүний чанар зэрэгтэй газар дээр танилцлаа.
Албан томилолтын хүрээнд БНХАУ-ын Шэнму хотын удирдлага, Хятадын төмөр замын Хөх хотын товчоо, тус хотын хагас коксын аж үйлдвэрийн паркын удирдлагуудтай уулзсан юм. Уулзалтын үеэр нийлүүлэгч компанийн зүгээс БНХАУ-ын холбогдох стандартыг хангасан, гэрээнд тусгасан техникийн шаардлагуудад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэхийн зэрэгцээ тээвэрлэлтийг тасалдалгүй цаг хугацаанд нь хийж хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.