Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилах гэмт хэргийн үйлдэл нэмэгдэж байна. Тодруулбал, иргэд цахим орчинд байршуулсан мал хямд зарна, өвс тэжээл худалдана, аккумлятор хямд зарна гэсэн зарын дагуу холбогдож бусдад залилуулсан гэх дуулдлага мэдээлэл орон нутгийн Цагдаагийн газарт бүртгэгдэж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн иргэн энэ сарын 2-ны өдөр фэйсбүүкт байршуулсан "одоо авах хүнд ямаа хямд зарна" гэсэн зарын дагуу үл таних хүний данс руу 7 орчим сая төгрөг шилжүүлж залилуулсан талаар гомдол гаргажээ. 2025 оны эхний долоон сарын байдлаар нийт 3120 иргэн цахимаар эд хөрөнгө худалдан авах зарын дагуу залилуулсан байна.