Хөгжлийн банкны сонсголтой холбогдуулан Бүгд найрамдах намаас мэдээлэл өгч байна. Энэ үеэр Бүгд найрамдах намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, зээл төлөлт, явцыг шалгасан сонсгол таван өдөр үргэлжилж өндөрлөсөн. Нотлох баримтыг хянан шалгах түр хороо хэлэлцсэн. Сонсголыг улс төр, бизнесийн нөлөөгүй, оролцоогүй, хараат бусаар явуулж олон нийтэд хүргэхийг хичээн ажиллалаа хэмээн Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдсэн.
Гэвч БНН-ын дарга Б.Жаргалсайханыг ард түмний мөнгийг хулгайлсан хулгайч, хүүгүй зээл авсан, сүүлийн есөн жил нэг ч төгрөг төлөөгүй хэмээн ор үндэслэлгүй илтэд гутаан доромжилсон. Буруутай эсэхийг шүүхээр тогтоогоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр зарлаж, нийгмийн талцуулж ёс зүйгүй хандсан тул УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар тэргүүтэй хүмүүс худал мэдээлэл тараасандаа уучлалт гуйхыг шаардаж байна.
Мөн Төрийн ордонд энгийн иргэд ч чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх ёстой байтал төрийн ордноос хөөсөн. Энэ бол улс төрийн сонгууль дөхсөн үед сөрөг хүчний нам, удирдлагыг харлуулахад чиглэсэн захиалгат, санаатай үйл явдал болсон" гэв.
Д.Батчулуун