Дарьгангын байгалийн цогцолбор газрын аялал жуулчлалын бүсэд байрлах Ганга нуурын 70-80 хувь нь 2016-2017 онд ширгэжээ. Ганга нууранд нүүдлийн шувууд дамжин өнгөрдөг. Жил бүр олон тооны шувууд ирдэг, ялангуяа хунгийн чуулган болдгоороо Ганга нуур алдартай. Гэтэл 2017 оны наймдугаар сард Ганга нуурын 95 хувь нь усгүй болж, хатаж ширгэхэд уур амьсгалын өөрчлөлт, малын хөл, салхи шороон шуурга хүчтэй нөлөөлсөн гэж нутгийн иргэд, судлаачид үздэг.
Тиймээс Засгийн газраас Ганга нуурын урсцыг сайжруулах, ширгэхээс хамгаалах ажлыг эхлүүлж Ганга нуурыг сэргээх судалгааг хийж эхлүүлжээ.
Үүний үр дүнд Gene1, Gene2 гэх даралттай худгуудыг гаргасан. Ийм тохируулгатай болгосноор хур тунадас орохгүй үед Ганга нуурыг худгаараа тэжээх боломж бүрдүүлсэн. Мөн Ганга нуурын эрэг дагуу 17 км хашаа барьж, мал орохооргүй болгосон байна.
Нуурын ойр орчмын 45 өрхөд бэлчээрийн зориулалттай 10 худаг гаргаж, 10 га газарт 8000 гаруй мод тарьж, хамгаалалтын ойн зурвас байгуулжээ. Мөн нуурын эргээс 500 м-ийн зайд аялагч жуулчид саатах тохижилтын талбай байгуулжээ. Эдгээр ажлын үр дүнд нуурын усны хэмжээ олон жилийн дунджаас нэмэгдэж, жил бүр ирэх шувуудын тоо нэмэгдэж, Ганга нуурын эко систем сэргэсэн байна.