Япон дахь Монголын Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын баяр” ирэх тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд болно. Энэхүү баяр нь Япон улсын ард иргэдэд Монголынхоо урлаг соёл, зан заншлын нэгээхэн хэсгийг танилцуулах, мөн Япон оронд аж төрж буй Монголчуудад үндэснийхээ хоолыг зооглон, урлаг соёлоо шимтэн, амралтын өдрүүдээ хамтдаа хөгжилтэй өнгөрөөх боломж олгодог билээ. Тус баярыг Токио хотын Нэрима дүүрэг дэх Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэх бөгөөд доорх үйл ажиллагаануудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд,
- Монгол дуу, хөгжим, бүжиг, загварын шоу
- Ногоон талбайд хүүхдийн бэсрэг наадам
- Өнөөгийн Монголыг танилцуулсан үзэсгэлэн
- Монгол дээл, Япон кимоно өмсөж үзэх үйл ажиллагаа
- Монгол үндэсний бөхийн барилдаан
- Монгол академи /Монголын талаарх лекц/
- Баярын талбайд олон төрлийн Монгол хоолны асрууд үйл ажиллагаа явуулна.
Анх 1998 онд Япон дахь Монгол Оюутнуудын санаачилгаар Монгол Япон хоёр орны найрсаг харилцаанд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор “Хаврын Баяр”-ыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй аж.