Өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүр орчимд голд хүүхэд живсэн гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16:30 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүн очиход 9-12 насны арван хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голын усанд урссан мэдээлэлтэй байсан.
Эрлийн ажиллагааг алга болсон газраас эхлүүлж 73 удаагийн шумбалт хийж, завиар болон явганаар 7 км газар самналт хийхэд олдоогүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоосон. Өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн. Эрлийн ажиллагаанд НОБГ, ҮАБ, Агаараас эрэн хайх 111 дүгээр ангиас 31, цагдаагийн байгууллагаас 4, ар гэрээс 6 иргэний бүрэлдэхүүнтэй Сонсголонгийн гүүрнээс Биокомбинат орчимд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах
- Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР