Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын командлал хамтран жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж байна. Энэ жилийн сургуульд дэлхийн 25 орны 1100 гаруй цэргийн алба хаагч оролцож байна. Оролцогч орнууд уг олон улсын сургуулиар команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, чадавхийг нэмэгдүүлэх сургалтад хамрагдана.
Энэхүү сургуульд Бүгд Найрамдах Лаос Ард Улсын цэргийн алба хаагчид анх удаагаа оролцож байгаа юм.
“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг зохион байгуулж эхэлсний 20 жил, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг илгээж Ирак болон Афганистаны дайны дараах сэргээн босголт, аюулгүй байдлын төлөө хувь нэмрээ оруулсны 20 жилийн ой давхцаж байгаагаараа онцлогтой.
Энэхүү олон улсын сургууль нь анх 2003 онд хоёр талын хамтарсан энхийг дэмжих ажиллагааны сургуулийн хэлбэрээр эхэлж байсан бол 2006 оноос “Даян дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль болж өргөжин өдгөө Ази-Номхон далайн бүс нутагт энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр зохиогдож буй томоохон сургууль болоод байна.