Монгол Улс, Япон Улсын хамтарсан “Зам-2023” сургалтад оролцож буй Япон Улсын Зэвсэгт хүчний сургалтын бүлгийн бүрэлдэхүүн энэ сарын 20-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын малчин Ж.Бямбажавынд зочилж, Монгол ёс заншил, өв уламжлал, малчин айлын амьдрал ахуйтай танилцлаа.
Хүрэлцэн ирсэн зочдоо гэрийн эзэгтэй цагаан идээ болон айргаа сөгнөн дайлж Монгол түмний зочломтгой зан чанарыг харуулан хүндэтгэж, тэдэнд мал маллах арга ухаан, цагаан идээг хэрхэн боловсруулдаг, түүнийг хэрэглэхийн ач холбогдлын талаар тайлбарлан танилцуулсан байна.
Ташрамд сонирхуулахад Япон Улсын цэргийн алба хаагчдад Монгол орны уудам газар нутаг, амгалан тайван малчин амьдрал ихэд таалагдсаны зэрэгцээ малчин айл телевиз, хөргөгч, ухаалаг гар утас, интернэт ашиглан хотын амьдралтай ижил хэрэглээтэй байгаа нь тэдний гайхширлыг төрүүлжээ.
Сэтгэгдэл (1)