111 жилийн тэртээ живсэн “Титаник” хөлөг онгоцны үлдэгдлийг үзэхээр аялж явсан Титан шумбагч робот дэлбэрч, дотор нь явсан таван зорчигч амиа алджээ. Шумбагч хөлгийн конус хэлбэртэй урд хошуу, хойд талын бүрхүүл зэрэг таван хэсэг, эд анги Титаник хөлгийн хитгээс 500 метрийн зайд олдсон байна.
Эргийн харуулын контрадмирал Жон Маугер “Олдсон хэсгүүдээс үзэхэд шумбагч хөлгийн урд хэсэгт хүчтэй дэлбэрэлт болсон нь тодорхой байгаа юм. Шалгалт үргэлжилж байна” гэв.
Титан шумбагч хөлөг 1912 онд живсэн, 3.800 метрийн гүнд байгаа “Титаник” хөлгийг үзэхээр шумбаад өнгөрсөн ням гарагт холбоо тасарчээ. Тус шумбагч төхөөрөмжид OceanGate Expeditions компанийг үүсгэн байгуулагч, шумбагч хөлгийн эзэн 61 настай Стоктон Раш, Пакистаны бизнесмэн, 48 настай Шахзад Давуд, түүний хүү Сулеман Давуд, Британийн тэрбумтан, 58 настай Хамиш Хардин, франц судлаач, 77 настай Пол-Анри Наргелот нар сууж явжээ. Аялагчид энэхүү шумбагчаар “Титаник”-ийг харах аялал 10 цаг үргэлжилдэг бөгөөд 250 мянган ам.доллар төлсөн байна.