Говь-Алтай, Завхан аймгийн нутгийг дамнан орших 300 км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол Элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг юм.
Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг хоорондоо ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүд байдаг бөгөөд Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ.
“Монгол элс” түүний орчмын газар нутгийг хамарсан 271 мянга 313 га талбайг БЦГ-ын ангиллаар 2010 оны нэгдүгээр сарын 14-ний тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байна.
Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар, цагаан суль нь хур бороо, ган гачигаас үл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн ард иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн их шүтдэг. Мөн домогт гардаг олгой хорхой байдаг гэж нутгийнхан үздэг байна. Монгол элсийг хөндлөн гулд туулах оролдлого хийсэн хүмүүс ор сураггүй алга болдог аж.
Сэтгэгдэл (2)