БОАЖ-ын Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "БОАЖ-ын Сайдын өгсөн чиглэлийн дагуу салбарын Улсын ерөнхий байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж буй 67 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд зургаадугаар сарын 12-19-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн.
Энэ шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, тодотгол хийлгээгүй 23, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох газраар батлуулж, мөрдөж ажиллаагүй 37, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй, ус ашигласны төлбөрөө төлөөгүй 21, усан сан бүхий газарт хэсэгчилсэн давхцалтай 18, ойн сан бүхийг газарт хэсэгчилсэн давхцалтай 41, зөвшөөрөлгүйгээр талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан, талбай хэтрэлтэй, солбицол алдаатай 23, газрын тусгай зөвшөөрөлгүй, сунгуулахаар хүсэлт хүргүүлсэн 14, шаардлага хангахгүй жорлонтой 2, хог хаягдлыг тээвэрлүүлэх гэрээ байгуулаагүй 23, хог хаягдлыг ангилан ялгаагүй 60 зэрэг зөрчлүүд илэрсэн.
Нүхэн жорлон ашиглаж байгаа зөрчлийг арилган стандартын шаардлага хангасан сайжруулсан эко жорлон суурилуулах ажлыг зохион байгуулж, ариун цэврийн байгууламжуудаа шинэчилж байна.
Хяналт шалгалтад хамрагдсан 67 аж ахуйн нэгжийн 62 нь нэвчилтгүй бетонон суурь бүхий соруулдаг эко жорлонтой, гурав нь био, хоёр нь нүхэн жорлонтой байна" гэв.