Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Донор та амь тэтгэгч” өдөрлөгийг зохион байгуулжээ. Энэ хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цусны явуулын багтай хамтран ГССҮТ-ийн нийт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын дунд сайн дурын үүднээс цусаа хандивлах үйл ажиллагааг зохион байгуулж, 53 идэвхтэн донор болон бусад шинэ донорыг хамруулсан байна.
Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийг бүрдүүлэх зорилготой энэхүү өдөрлөгөөр дамжуулан ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд цусаа хандивлах хүмүүнлэгийн үйлсэд иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалсан юм.