Буйр нуурын эргээр загас ихээр хорогдсон зураг цахим ертөнцөд тархаж, учир шалтгааныг олж арга хэмжээ авахыг иргэд хүлээж байв.
Буйр нуурт умард туйлын цэнгэг усны, сэрүүн бүсийн уулархаг ба тал газрын 10 омгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг. Эдгээр загаснаас зөвхөн Мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байна. Тиймээс тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр гэж үзжээ. Тэгвэл загас ихээр хорогдсон хэсгээс буюу “Долоон од” амралт, Онцгой байдлын амралт орчмын ус, хөрснөөс микробиологийн дээж авахад нэг гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар өвчин үүсгэгч илэрсэн учраас бохирдол ихтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.
Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүссэн байна.
Шинжилгээний эцсийн хариу гартал тандалт хийх, үхсэн, устгасан загасыг бүртгэх, дээж авах, шинжилгээг үргэлжлүүлэх, нуур орчмын мал амьтдад эмнэл зүйн шинж тэмдэг илэрч буй эсэхийг тандах, нуур орчимд нутаглаж буй иргэд, малчдад анхааруулга сэрэмжлүүлэг хүргэхийг БОАЖЯ-наас чиглэл болгожээ.
Мөн Буйр нуурын усан дахь микробиологийн бохирдол их байгаа учир уух, усанд орох, тухайн бүсийн тэжээвэр амьтан, нохойг байнгын уяатай байлгах, загас идэх, зөөвөрлөхийг хориглолоо.