Долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэж байгаатай холбогдуулан ХНХЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал хүүхдийн мөнгөний талаар ярилаа.
Тэрбээр “Долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг тэгш олгоно. Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдахын тулд ямар нэгэн хүсэлт гаргах шаардлагагүй бөгөөд 2023 оны 1-6 дугаар сарын хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй хүүхэд бүр ehalamj системд бүртгэлтэй банкны дансаар хүүхдийн мөнгөн тэтгэмжээ нөхөн авна. Хүүхэд шинээр төрсөн бол цахим системээр нэвтэрч данс баталгаажуулж идэвхжүүлнэ” гэв.
Ташрамд дурдахад, хүүхдийн мөнгийг өрхийн гишүүн нь согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахгүй байх үүрэгтэй. Мөн хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах, олгох, банкны зээлд суутгахыг хориглоно.