ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон Сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлгийнхэн зургадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид ажиллаж байна.
Бүлгийн удирдагч ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ү.Хүрлээ Зэвсэгт хүчинд алба хааж буй офицер, ахлагч, ажилтан албан хаагч, хугацаат цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хөдөлгөөнт бүлэг ажиллаж байгааг хамгийн эхэнд онцлов.
Мөн цаашид Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын сэтгэл зүйн байдлыг тогтворжуулах арга хэмжээг тогтмол зохион байгуулах шаардлага байгааг ч дурдлаа.
Үүний дараа бүлгийн багш нар ангийн офицер, ахлагч нарыг таван бүлэгт хуваарилан үндсэн гурван хэсгээс бүрдсэн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулав. Тухайлбал,
- Хувь хүний багт гүйцэтгэх үүрэг, оролцоо,
- Харилцааны сэтгэл зүй,
- EQ,
- Сэтгэл гутралын шинж тэмдэг, түүнээс сэргийлэх болон гарах арга зам зэрэг олон төрлийн оношилгоо сургалтыг зохион байгуулж, бие бүрэлдэхүүн өөрийн давуу болон сул талаа мэдэх, цаашид хөгжүүлэхэд нэмэр болохуйц үр дүнтэй сургалт болсон юм.
Мөн алба, салбар тус бүрээр хамт олны уур амьсгал, хоорондын харилцааг бэхжүүлэх зорилгоор бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөөг зохион байгуулсан нь сургалтын бас нэг онцлог байлаа.
Сургалтыг зохион байгуулагчид сэтгэл зүйн эрүүл мэнд биеийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой бөгөөд сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, түүнийг хадгалахын тулд сэтгэл зүйчид хандаж байх шаардлагатайг ч бие бүрэлдэхүүнд захисан юм.
Ангийн удирдлага сургалтыг зохион байгуулагч нарт талархал илэрхийлээд цаашид сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэхэд бүхий л талаар ажиллах болно гэдгээ онцоллоо.
Эх сурвалж: Зэвсэгт Хүчний Жанжин Штаб