Нийслэлд олон хоног дараалж орсон борооны улмаас голын усны төвшин нэмэгдсэн. Холбогдох албаны хүмүүс нөхцөл байдал хүндхэн байгаа Наадмын зам, Энхтайваны гүүрний нүхэн гарц, “Алтай” хотхоны урд хэсэг, Сэлбэ голын орчимд ажиллалаа. Энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Өнөө өглөөний байдлаар “Алтай” хотхоны урд хэсгээр Дунд гол хальж, гүүр, зам руу ус нэвчсэн. Бид шуудайнд элс, хайрга хийж, далан босгож, орон сууцны хорооллууд руу ус орохоос сэргийлэх арга хэмжээ авсан. Хорооллын оршин суугчид, 3 дугаар хорооны иргэд сайн дураараа ирж, элс, хайрга шуудайлах зэргээр тусаллаа. Одоогоор замын доогуур хөрсний ус нэвчиж, орон сууцны байр руу орох нөхцөл байдал үүсээд байна. Манай дүүргийн хувьд 25 хороотой. Дунд гол, Сэлбийн голоо дагасан 1, 3, 4, 15 дугаар хороонд нөхцөл байдал хүндрээд буй. Харин Зайсан, Яармаг, Нисэхийн орчимд хэвийн. Гэхдээ Туул голын усны түвшин нэмэгдэж байгаа тул зарим байршилд эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч, эргүүл ажиллуулж байна гэсэн юм.