Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Энэ удаад бид аминд тулсан үед хүний мөн чанар хэрхэн хувирч өөрчлөгдөж байгаа тухай хуваалцаж байна.
Хачир дээрээ хүн бүрийн сэтгэлгээ өөрчлөгдөөгүй гэдгийг энэ өдрүүдэд мэдэрч болохоор байна.
Бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчид иргэдийн "хөлсний тэрэг" биш юм. Гэвч бид "тэдний хийх ёстой ажил", "бидний эдлэх ёстой эрх" гэсэн бодлоор хандах болжээ.
Зарим нэгэн нь туслахаар яваад эндэж байхад, нэг хэсэг нь "бэртэгчилнэ". Бүр үүрүүлнэ, "албатай юм шиг". Ингэхийн оронд усны гутал өмсье гэж бодох хэрэгтэй сэн. Юм болгоныг үүрээд байвал нуруугаа авахуулсан морь шиг л болох биз. Үхдэггүй "шидтэн" байгаа биш шүү дээ.
Энэ үер "далан" байтугай бусдын төрхийг ч хуу татав. Байгалийн гамшигт хэзээ ч бэлэн байгаагүй бүхэл бүтэн "улс орон". Үүнийг наад зах нь бохир усны үер дунд хамгаалалтын бээлий, амны хаалт ч үгүй ажилласан албан хаагчдын байр байдлаас харж болно.
Заавал хэлүүлж, чичлүүлж, ад үзэгдэж байж "ямар нэгэн зүйл, бүр заримдаа юу ч хамаагүй хийж харагдах эрх мэдэлтнүүд". Хөгжил гэдэг энд тэндгүй барьсан олон давхар барилга биш гэдгийг энэ үйл явдал харуулсан гэж найдаж байна.
Нийгэмд олон зүйл өөрчлөгдөж, байгаль ч өөрийн жам ёсоор хувирч хэлбэр хэмжээгээ өөрчилж байхад хүмүүс л хувирч өөрчлөгдсөнгүй.
М.Дэвээ