Улаанбаатар хотын суурьшлын бүсэд могой орж ирэх нь олширчээ. Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас тодрууллаа.
-Нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт буюу хорт, мөн рашааны могой буюу хоргүй могой тархсан байдаг. Он гарснаас хойш зэрлэг амьтадтай холбоотой 24 удаагийн дуудлага хүлээн авснаас 15 дуудлага нь хортой буюу бамбайн хоншоорт могойн талаарх дуудлага байсан. Ийм төрлийн дуудлага жил бүрийн долоодугаар сараас есдүгээр сарын сүүл хүртэл буюу могойны идэвхжилийн үеэр нэмэгддэг.
Суурьшлын бүсэд могойтой таарсан тохиолдолд ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд хандан дуудлага өгөх боломжтой.