Тавантолгой түлш компаниас “Өвөлжилтийн бэлтгэл ажил”-ын хүрээнд шахмал түлшний талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хэрэглэгчид үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх шахмал түлш түлж байна. Иймд угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 500 гаруй ажилтан ажиллаж байгаа. Тухайлбал, галлагааны улирал эхэлж байгаа тул Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид бүгд айлуудаар явж шалгаж байгаа.
Өнөөдөр, маргааш хоёр угаарын хийн дуудлагын хамгийн эрсдэлтэй үе юм.
Хавар, намрын хүйтэн борооны үед угаарын хийн дуудлага нэмэгддэг. Учир нь айлууд бороо орж байна гээд түлшээ бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа аваад өрхөө бүтээчихдэг. Мөн угаартсан айлд очиж шалгалт хийхэд угаарын мэдрэгчгүй байдаг. Үүнд иргэд анхаарах хэрэгтэй байна" гэв.
Д.Батчулуун