“Монгол шуудан” компани Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Олон улсын шуудан ялган боловсруулах төвийг ашиглалтад оруулж, өнөөдөр нээв.
Төвийг нээснээр “Монгол шуудан” компани үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу явуулахад нэг ахиц гаргаж буйг компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нээлт дээр хэллээ. Улс орнуудын Олон улсын шуудан ялган боловсруулах төв нь ихэвчлэн олон улсын нисэх буудалдаа байрладгийг тэрбээр хэллээ. Энэ жишгийн дагуу төвийг байгуулжээ.
Тус төв нь жилд 3 сая орчим шуудан, илгээмжийг ялган гаалийн хяналтаар оруулах хүчин чадалтай ажиллах юм. Төвийг “Монгол шуудан” компани 2016 онд олон нийтэд нээлттэй компани болон Хөрөнгийн биржид хувьцаагаа гарган арилжиж, түүнээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр байгуулжээ. Уг төвөөр шуудангийн бусад компани үйлчилгээ үзүүлэх боломжтой аж.
Компанийн түүхэнд томоохонд тооцогдох дээрх бүтээн байгуулалтын ажилд дэмжин тусалсан Засгийн газар, ЗТХЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, компанийн нийт хувьцаа эзэмшигч нарт компанийн удирдлага талархал илэрхийлэв.