Манай улсад 2020 оны байдлаар эхийн эндэгдэл 100,000 эхийн 39.5, 2021 оны байдлаар нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 7.5, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 хүүхдэд 14.7, мөн 2021 оны байдлаар сүрьеэгийн 100,000 хүнд ногдох өвчлөлийн түвшин 428, 2019 оны байдлаар зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин болон амьсгалын замын архаг өвчнөөр нас барах 30-70 насныхны магадлал 35 хувь, дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100,000 хүнд 214.7, зам тээврийн ослын шалтгаант нас баралт 10,000 хүнд 21 байжээ. 2022 оноос хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд энэ сарын 22-ны өдрийн байдлаар 1,6 сая гаруй хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 49.5 хувийг эзэлж байгаа ажээ. Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн бөгөөд өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 54.4 хувь нь хоол боловсруулах, 15.3 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны, 9.8 хувь нь шээс, бэлгийн, 7.4 хувь нь зүрх судасны, 3.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд байна. 0-17 насны хүүхдийн дунд шүд цооролт 78 хувийг эзэлжээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг хамруулсан үзлэг шинжилгээнд нийслэлийн 40,753 хүүхдийн 90, орон нутгийн 38,728 хүүхдийн 84 хувь нь хамрагдсан бөгөөд шүдний цоорол нийслэлийн хүүхдүүдийн 79.3 хувь, орон нутагт 71.0 хувьд, харааны өөрчлөлт нийслэлд 20.4, орон нутагт 15 хувьд нь илэрсэн байна.
Мөн Улаанбаатар хотын хүүхдүүдийн 21.3 хувьд зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт илэрчээ.
Эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн хүн амыг хамруулах үүднээс цаашид ургийн хромосомын гажиг, нярайн цогц эрт илрүүлэг-скрининг, сургуульд, ажлын байранд суурилсан болон хорт хавдрын гэсэн чиглэлээр явуулахаар ажиллаж байгаа тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлж, “Дархлаажуулалтын үндэсний товлол”-ыг Засгийн газар 2023 онд шинэчилж, 0-15 насны хүүхдүүдэд 13 халдварын эсрэг есөн төрлийн вакцин хийж буй бөгөөд энэ сарын байдлаар улсын хэмжээнд нийт 50,000 хүүхдийг хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан талаар дурдлаа. Эрүүл мэндийн яамнаас 2024 онд “Хүн амын хоол тэжээлийн Үндэсний VI судалгаа” хийсэн байна. Судалгаагаар Д аминдэмийн дутал тав хүртэлх насны хүүхдийн 48 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 76 хувь, цус багадалт тав хүртэлх насны хүүхдийн 21.3 хувь, эхчүүдийн 16.3 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 22.3 хувь, төмөр дутал 6-59 сартай хүүхдийн 6,1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 13,6 хувьд илэрсэн байна. Энэ талаарх мэдээллийг НББХ-ны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнсайхан танилцуулсан байна.