
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн Солонгос талын захирал И Жун Гын, Монгол талын захирал М.Ганзориг нарыг хүлээн авч /2025.12.24/ уулзлаа.
“Ногоон хэрэм” төсөл нь хоёр улсын байгаль орчны салбар дахь хамгийн үр дүнтэй, тогтвортой хамтын ажиллагааны нэг болж төлөвшсөн бөгөөд 2007 оноос эхлэн гурван үе шаттайгаар 18 жилийн турш тасралтгүй хэрэгжиж байна.

Уулзалтын үеэр сайд Б.Батбаатар төслийн багийнханд талархал илэрхийлж, төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ойжуулалт, мод үржүүлгийн ажлууд нь бодит үр дүнгээ өгч, байгаль орчны салбарт сайн жишиг болж байгааг онцлон тэмдэглэлээ.
Мөн төслийн эхний гурван үе шатны үр дүнд бий болсон ойжуулсан талбай, мод үржүүлгийн цогцолборын цаашдын арчилгаа, хамгааллыг сайжруулах, төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх боломж, чиглэлийн талаар талууд санал солилцов.
Түүнчлэн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ын үеэр “Ногоон хэрэм” төслийг жишиг, амжилттай хэрэгжсэн төсөл болгон олон улсын зочид, төлөөлөгчдөд танилцуулахаар төлөвлөж буйг сайд Б.Батбаатар мэдэгдлээ.





















































