
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан асуулт асуулаа.
Тэрбээр "Төрийн өмчтэй 101 компанийн 33-ийг нь татан буулгах, хувьчлахаар УИХ-аар хэлэлцүүлж байна. Ядуу ч гэсэн Монголын ард түмний өмч шүү дээ. Ард түмний өмчийг хувь хүнд өгөх гэж байгаа юм байна. Яг одоо энэ үндсэн чиглэлийг батлуулахад тохиромжгүй үе гэж үзэж байна. Ийм их өртэй компаниудыг шууд хувьчилж аваад, ашигтай ажиллаад байна гэж байхгүй. Бид заавал шинэ жилийн өмнө ийм том зүйлийг шийдэх албагүй. Баяр ёслол гээд анхаарал суларсан үеэр том асуудлуудыг оруулж ирмээгүй байна" гэв.






















































