
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Сангийн яамны удирдлагууд болох Дэд сайд Б.Хулан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай болон яамдын газрын дарга нар Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2026 оны нэгдүгээр улирлын төлөв, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар уулзалт зохион байгуулав.

Уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн төлөв, инфляцын түвшин, улсын төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн тэнцэл, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн нөхцөл байдал зэрэг макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийлээ. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн орчин, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад хүчин зүйлс Монгол Улсын эдийн засагт үзүүлж болзошгүй нөлөөлөл, эрсдэлийг хэлэлцэж, дотоод эдийн засгийн бүтцийн сорилт, хувийн хэвшлийн идэвхжил, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагын талаар санал солилцов.

Талууд эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, инфляцыг зорилтот түвшинд барих, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Уулзалтын үеэр макро эдийн засгийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн уялдааг хангах зорилгоор хоёр яам хоорондын мэдээлэл солилцоо, хамтарсан судалгаа, дүн шинжилгээг тогтмол хийх, бодлого боловсруулах болон хэрэгжилтийг үнэлэх түвшинд үр дүнтэй ажиллах шаардлагатай талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ.

Мөн эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн хяналт, үнэлгээг сайжруулж, эрсдэлийг эрт илрүүлэх, бодлогын уялдаа холбоотой хариу арга хэмжээ авах механизмыг бэхжүүлэхээр тохиролцов.





















































